Бид Дэлхий дахинд

“Эрдэнэт хивс” ХХК нь 34 жилийн хугацаанд 23.3 сая.м2 хивс үйлдвэрлэж, үүний 53.7 хувийг дотоодын зах зээлд, 46.3 хувийг гадаад зах зээлд худалдан борлуулсан байна. “Эрдэнэт Хивс” ХХК нь өнөөдөр Монгол Улсын нийт хивс үйлдвэрлэлийн 91.3 хувийг дангаараа үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. 1983–1990 онд жилийн нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 96 хувийг экспортонд гаргаж, 4% нь дотоодын зах зээлд нийлүүлэгддэг байсан түүхийн хуудас бий.

Сүүлийн жилүүдэд ноосон хивсний хэрэглээ өсөхийн хамт Монгол орныг дэлхий нийтээр сонирхох хандлага ихсэж, эртний их түүхтэй, уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай, өвөрмөц соёлтой орон гэж үзэж, “Монголоос ирсэн, цэвэр байгалийн бүтээгдэхүүн”-ийг онцолж үзэх хандлага ажилгадсаар байна.

 

 

Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхана

Тус компани Монгол хивсийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд  бүтээгдэхүүнээ гаргахын тулд  олон улсын үзэсгэлэн худалдаануудад өндөр ач холбогдол өгч оролцсоор ирлээ.

2001 оноос Монгол Улсаа  төлөөлөн  гадаад зах зээлээ тэлэх, шинэ худалдан авагчидтай холбоо тогтоох, өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлах, гадаадын ижил төстэй компаниудын техник технологи болон дэлхийн хивсний хөгжлийн чиг хандлагыг судлах зорилгоор  жил бүр Герман, Хятад, Япон,ОХУ, Казакстан зэрэг орнуудад зохиогддог хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаануудад шат дараалан амжилттай оролцож, олон улсын чанартай 46 үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээрээ оролцож, гадаадын 42 гаруй орны 300 орчим компанитай холбоо тогтоон ажиллаж байна.

“Эрдэнэт Хивс” ХХК 2000 оноос хивсний зураг дизайн хийх Ираны “BOORIA” мэргэжлийн программыг ашиглаж эхэлсэнээр Монгол хивсний дизайны хөгжилд шинэ суурийг тавьсан. Үүнээс хойш Украйн, Турк, Герман, Иран, Испанийн зураачидтай хамтран зах зээл бүрийн онцлогт тохируулан жил бүр коллекцио шинэчлэн ажиллаж байна.

2007 оноос Монгол ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, ямар ч будаг, химийн материалын боловсруулалт хийлгүй натурал өнгөөр нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болж, олон орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Бид өнөөдөр байгалийн өнгөтэй хивсний 200 гаруй зураг загварыг Япон, Герман, ОХУ, Хятад зэрэг оронд амжилттай борлуулж байна.